Улс төрийн нам намын тогтолцоо тэдгээрийн онцлог

2010-12-27 08:11

Улс төрийн нам намын тогтолцоо тэдгээрийн онцлог

 Сүүлийн хэдэн арав гаруй жил МАХН, АН-ын рейтинг ийм дорд ортлоо унаж байсан тохиолдол байхгүй юм. Энэ үзэгдэл өнөөдөр гэв гэнэт гараад ирчихсэн биш учраас үүнийг нэлээд эртнээс тайлбарлах хэрэгтэй юм.  Энэ асуудлыг удаан хугацаанд дагнан судалсан МУИС-ийн Социалогийн тэнхмийн багш О.Тамир, Ц.Болд нарын академик судалгааны олон сайхан өгүүллүүд байдаг боловч түүнийг олон хүн сонирхдоггүй, мэддэггүйг энд зориуд дурдаж тэдгээрийг судлахыг зөвлөж байна. Ер нь улс төр нь шинжлэх ухааны системлэг судалгаагүйгээр хол явахгүй гэдгийг дашрамд дурдах нь зүйтэй болов уу. Ингээд намуудын нэр хүнд унасныг тайлбарлахыг оролдъё.   НАМУУДЫН ИНТЕГРАЦИ БА ДЕФФЕНЦИАЦИ  Шинэ Үндсэн Хууль батлагдсаны дараа улс төрийн намууд асар олноороо байгуулагдаж нэг үе тоо нь 40 шахаж байсан юм. Хэдий ийм боловч арав гаруй жилийн хугацаанд улс төрийн бодит эрх мэдлийг МАХН ба Ардчилсан Намуудын эвсэл гэсэн (энд би ардчилсан гэгдэх аль нэг намыг хэлээгүйг онцлон анхаарна уу–Д.Г) хоёр хүчин үндсэндээ барьж, бусад нь дээрх хоёрыг хавсарсан байдалтай байж, аль нэгэнд нь дөхүү, хамтран ажиллаж байв.  Манай улс төрийн гуравдагч хүчин нь өөрийн тодорхой сүлжээтэй, тогтвортой электораттай нам гэхээсээ цөөн лидер дагасан харьцангуй бага хэмжээний бүлэглэл байсан, одоо ч байгаа билээ. Энэ нь улс төрийн гуравдагч хүчин ямар ч ач холбогдолгүй байсан гэсэн үг биш бөгөөд үндсэн хоёр хүчний харьцаа ойролцоо болох, эсвэл эрх баригч хүчинд зөрчил гарах үеүдэд тэдний боломж ихээхэн нэмэгддэг, мөн улс төрийн маневр хийх өргөн бололцоотой юм. Гуравдагч хүчний лидерүүд О.Дашбалбар, С.Оюун, Б.Эрдэнэбат, Б.Жаргалсайхан нар топ 10 улс төрчийн тоонд ямагт орж байсан. Эл байдалд Монголын нийгмийн сэтгэл зүй, харилцаа, улс төрийн туршлага, соёл ихээхэн нөлөөлсөн нь гарцаагүй юм.  МАХН-Ардчилсан эвсэл гэсэн үндсэн хоёр хүчин, тэдгээрийн аль нэгийг баримжаалсан гуравдагч хүчин гэсэн бүдүүвч нь Монголын улс төрийн амьдралын хамгийн томоохон онцлог юм.  Ардчилсан эвслүүд нь зөвхөн МАХН-тай өрсөлдөх зорилгоор байгуулагдаж байсан нь тэдгээрийн тогтвортой байдалд муугаар нөлөөлсөн юм. Боловсон хүчний нөөц ядмаг, төрийн удирдлагын дадлага туршлага муутай, механикаар нэгдсэн эвсэл эрх мэдэл авмагцаа эхлээд дотоод зөрчлөөсөө, дараа нь МАХН-ын хүчтэй нөлөөгөөр маш хурдан задарч байв.  Намуудын интеграци, дифферециацид нөлөөлсөн үндсэн хүчин зүйл нь удирдагчдын зан үйлдэл болно. Ардчилсан хүчний зарим удирдагчид эдийн засгийн болон эрх мэдлийн явцуу эрх ашгийн үүднээс МАХН-тай эвсэн зохицож, өөрийн эвсэлд, нэлээд тохиолдолд намдаа халгаатай, аюултай, хортой үйлдлүүдийг 1997 оноос эхлэн хийж ирсэн нь Монгол дахь ардчилсан хүчний өсөлт бойжилтод тун хортойгоор нөлөөлсөөр ирсэн ба энэ байдал намаа хөнөөх хэмжээнд нэгэнт хүрээд байна.  Намын харъяаллаасаа үл хамааран эрх мэдлийг дагнан барьдаг улс төр-эдийн засгийн тодорхой бүлэглэлүүд, тэдгээрийн удирдагчид энэ жилүүдэд ялгаран гарч, намуудын зохион байгуулалтыг болон шийдвэрийг орлон гаргах болов.  Энэ нь намуудын дээд хэсэг нэгдэн нийлж, эвсэн тохирч, хуйвалдах өргөн боломжийг бий болгожээ. Энэ талаар полиархи ардчиллын тэргүүлэх онолч Роберт Даль хэлэхдээ: “Ардчилсан институт маань улс төрийн болон хүнд суртлын дээдсүүд хоорондоо наймаа хийх гэсэн ардчилсан бус үйл явц үүсгэдэг” гэж тэмдэглэжээ. Эдүгээ энэхүү хуйвалдаан үлэмж өргөжсөн нь нам болон төрийн байгууллагуудын ажлын үр нөлөөг ихээхэн бууруулж, улмаар Монгол дахь ардчиллыг үлэмж эргэлзээтэй болгож байна. Иймээс зонхилох намын эрх мэдэл ихээхэн нэмэгдэх нь зүй тогтлын шинжтэй болж, олон намын тогтолцоо ор нэрийн төдий болж байна. Олон намт тогтолцоо гэдэг нь улсын бүртгэлд хэдэн нам байгаагаараа хэмжигддэггүй. Өнгөц харахад Ардчилсан хүчин эв нэгдэл муутай, МАХН сахилга бат, зохион байгуулалт сайтай мэт харагдавч бодит байдал дээр МАХН-ын байдал нэн эгзэгтэй шатандаа байна. Энэ нь МАХН-д олон жил хуримтлагдаж ирсэн хөнөөлт буруу бодлого, нэг буюу цөөн хүний дур зоргын үйл ажиллагааны бодит үр дүн юм. Сөрөг намуудын үйл ажиллагааг саармагжуулснаар МАХН–өөрөө ихээхэн ачаалал, хариуцлага хүлээж, үүнээсээ болж энэ нам задрахын босгонд тулж ирлээ.  Нийгмийн нэг системд бараг ижил үзэл бодол, давхаргыг төлөөлсөн, адилхан гарал үүсэлтэй, адил арга барил сэтгэлгээнд тулгуурласан улс төрийн байгууллага эрс тэс ялгаатай байх нь ховорхон байдаг.  Эндээс Монголд улс төрийн шинэчлэлийн нэг шинэ үе эхэлж байна гэж дүгнэх бүрэн боломжтой.   НАМ БА ҮЗЭЛ САНАА  Монголд аливаа үзэл санааны өрсөлдөөн бараг байгаагүй, өөр үзэл санаатныг уламжлалт нийгэмд буруу номтон, социалист нийгэмд тэрс үзэлтэн гэж мөрдөн мөшгөж адладаг байсан.  Үндсэн хуулиар олон ургальч үзэл, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг тунхагласан боловч энэ нь практикт хэрэгжих боломж угаасаа туйлын хомс юм. Өөрөөр хэлбэл, улс төрийн олон ургальч үзэл нь улс төрийн үзэл санааны идеал, итгэл үнэмшил, үнэлэмжийн тогтолцоо хэлбэртэй байгаа тохиолдолд л нийгэмд хэрэгжих боломжтой юм.  Намууд социалист, либерал, консерватив гэх мэтийн улс төрийн эсэргүүцлийн (протест) аль нэг үзэл санааг тунхагладаг боловч энэхүү үзэл санааныхаа эх үндэс, түүх, өөрчлөлт, түүнийгээ Монголын нийгэмд тохируулан буулгах, хэрэгжүүлэх, сурталчлах талаар зорилго чиглэлтэй үйл ажиллагаа огт явуулж байгаагүй юм.  Иймээс Монголын намуудыг тунхаглан зарласан үзэл санаагаар нь ангилан үзэх нь ихээхэн учир дутагдалтай болно. Намуудын үзэл санаа нь улс төрийн лоозон төдий бөгөөд тэр нь ямагт хоёрдугаар зэргийн ач холбогдолтой байдаг. Энэ нь намууд үзэл санааны үндсэн урсгалуудыг хүлээн авч тунхаглаад удаагүй байгаа, онолын болон практикын хувьд мөн чанарыг нь таньж мэдээгүй, мөн нийгмийн практикт хэрэглэх туршлага хомс байгаатай, хамгийн гол нь үзэл санааны үндэс, шинжлэх ухаан хоёрыг ор тас мартсантай холбоотой.  Нэгэнт үзэл санааны өрсөлдөөн байхгүй тохиолдолд түүний ёс суртахуун, зохион байгуулалтын үндсийн талаар ярих боломжгүй бөгөөд тэдгээрийг орлох үндсэн хэлбэр нь эрх мэдэл, эд баялгийн төлөөх бюрократ ангийн дүрэмгүй тоглолт болж байна. Энэ тохиолдолд намуудын мөн чанар ихээхэн гажих нь зүйн хэрэг.   НАМ БА БЮРОКРАТ АНГИ Монголын улс төрийн намуудын удирдах болон дунд хэсэг социализмын үед үүсэн бий болсон номенклатур ангиас гаралтай. Номенклатур ангийг доктор Х.Гүндсамбуу “Зөвхөн МАХН-ын доторхи бус, түүнийг нэвт сүлжсэн, нийгмийг бүхэлд нь нөмөрсөн үзэгдэл, нарийндаа бол нийгмийн давхраа төдийгүй нийгмийн ангитай энэ зэрэгцэгч, түүгээр ч зогсохгүй монголын нийгмийн ноёрхогч анги” гэж тодорхойлсон нь тун оновчтой болсон юм.  1990 онд болсон өөрчлөлт шинэчлэл нь ардчилсан, үймсэн олны, номенклатур ангийн гурамсан хувсгалын сүлжил байжээ. Өнөөдөр бид бүхэн 1990 оны үйл явдлыг ардчилсан хувьсгал гэж нийтээр нэрлэдэг боловч номенклатур ангийн хувьсгалын шинж нь илүү давамгайлж байсан гэж үзэх бүрэн үндэс бий. Учир нь ардчиллын жилүүдэд бюрократ анги машид хүчирхэгжжээ.  Олон жижиг намууд амжилт олоогүйн нэг шалтгаан нь бюрократ ангид тулгуурлаагүй явдал байв.   АМ БА ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ДОТООД АРДЧИЛАЛ Олон нам байгуулагдсан нь улс төрийн хөгжлийн ололт болсон хэдий ч намууд хуучны хатуу зохион байгуулалтыг дуурайсан хэвээр байна. Энэ нь манай бүх намуудын зохион байгуулалт болон удирдлага босоо бөгөөд төвлөрсөн шинжтэй байгааг харуулж байна.  1997 оноос хойш хугацаанд МАХН-ын Бага Хурлын бүрэлдэхүүн дэх төрийн дээд албан тушаалтны тоо 2,6 дахин өссөн байна.  Эндээс МАХН төр, бизнес, намын боловсон хүчний нөөцийг нэгэн дор зангидсан хүчирхэг олигархи, эрх мэдлийн нам (партия власти) болсныг харуулж байна. Энэ жил МАХН түүхэндээ анх удаа Бага Хурлынхаа бүрэлдэхүүнийг албан ёсоор зарлаагүй нь үүнтэй холбоотой. Өнөөгийн УИХ-д дөрвөн удаа буюу 13-15 жил сонгогдсон гишүүн долоо, гурван удаа буюу 12 жил сонгогдсон гишүүн гурав, хоёр удаа буюу найман жил сонгогдсон гишүүн 21 байна. Энэ нь УИХ-ын бүрэлдэхүүний 40,8 хувь болж байна. Түүнчлэн сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга байсан хүмүүсийг тооцвол УИХ-ын 80 гаруй хувь нь олон жил ажилласан дарга нараас бүрдэж байна. Мөн Ардчилсан Намын Үндэсний Зөвлөлдөх Хорооны 196 гишүүд бараг бүгдээрээ эдийн засгийн томоохон бүлэглэлийн төлөөлөгчид байна. Огт үл солигдох феодал маягийн олигархи цөөнхийн сүлжээ баттай тогтжээ.  Нам болон тэдгээрийг түшиглэсэн байгууллагууд дээрх зарчмыг хуулбарласан нь нийгмийн хямралын нэг нөхцөл болж байна. Зонхилох МАХН- тай бусад намуудын зарим хэсэг болон удирдагчид эхлээд далдуур, эдүгээ илтэд хамтран ажиллах болсон нь эрх баригч нэг нам төлөвшиж байгааг харуулж байна.  Намуудад зөрчилтэй хоёр үйл явц явагдаж байна. Нэг талаар намуудыг олон нийтийн нам болох гэж удирдагчид хэт хичээж байна. Манай намуудын зарлаж буй гишүүд дэмжигчдийн тоо монголын сонгогч иргэдийн тоотой бараг дүйцэж байгаа нь үүнийг гэрчилнэ. Нөгөө талаар намууд гишүүд дэмжигчдээсээ илт тасарч, удирдлага нь төвлөрч, дотоод ардчилал нь хумигдан олигархи цөөнхийн мэдэлд ороод байна. Энэ нь намууд нэг хүн буюу бүлгийн дур зоргийн эрх мэдэлд орох боломж, нөхцлийг бүрдүүлсээр байна.   Манай голлох намууд эрх баригч цөөнхийн нам болон хувирч, нам, төр, бюрократ гурав давхцах болсон нь намуудын мөн чанарыг алга болгож байна.   Намууд олон түмний саналыг татах үзвэр үзүүлэн маягтай зүйл болон хувирчээ. 2004-2005 оны сонгуулиудын үйл явцын үр дүнгээс үзэхэд Монгол Улсад олон намын бодит байдал үнэн хэрэг дээрээ алга болж, сөрөг хүчний институт бараг устаад байна. Энэ нь төрийн үйл ажиллагаанд хортойгоор нөлөөлж, улс төрийн ужиг хямрал, тодорхойгүй байдалд хүргэж байна.   НАМ БА ТӨР Монголчууд намуудыг сонголтын үндсэн хүчин зүйл болгож сэтгэдэг ба төр ба намыг хамтад нь дээдлэн үздэг заншилтай. Намууд бараг хяналтгүй болж, эдүгээ төрийг орлох, түүнийг захирах шинжтэй болжээ. Намын боловсон хүчний арилжааны бодлого нь төрийн боловсон хүчний бодлого, бүрэлдэхүүнд шууд тусгалаа олж, түүнийг ч мөн арилжааны шинжтэй болгосон нь улс төрийн өрсөлдөөнийг боомилогч үндсэн хүчин зүйл болж байна.  Төрийн алба нь сонгуулиар байнга өөрчлөгддөг бүтцийн өөрчлөлтийн талбар болсон бөгөөд энэ улс төрийн албан тушаалтнуудын дураараа авирлах нэг гол арга болж байна. Энэ нь Монголын төрийг дөрөв дөрвөн жилээр ээлжлэн амьдардаг зочид буудал шиг болгож байна. Үүнээс улбаалан төрийн ой санамж, боловсон хүчний уламжлал залгамжлал гэсэн чухал хүчин зүйл алга болжээ.  Эл байдал нь УИХ-д суудалтай намуудыг хуйвалдах, албан тушаалын наймаа хийх гол субъект болгосон нь нам болон төрийн хариуцлагын тогтолцоог үндсэнд нь эвдэн үгүй хийжээ. Үүнээс үүдэн төрийн удирдлага, жолоодлого гээч юм оргүй болоод байна.   НАМ БА ГИШҮҮД, СОНГОГЧИД Манай намуудыг олон янзаар ангилж болох боловч сонгогч олны хувьд намуудыг МАХН ба Ардчилсан хүчин гэж хуваадаг нь олон удаагийн судалгаагаар нотлогдсон юм. Намууд нийгмийг дайчлагч, гэгээрүүлэх үүргээ биелүүлдэггүй бөгөөд сонгуулийн үеэр гишүүд, дэмжигчдийг хөлсөөр ажиллуулдаг болсон нь нууц биш юм. Энэ нь сонгуулийг бизнес болгох таатай боломжийг бүрдүүлдэг. Энд намын харъяалал, итгэл үнэмшил огт хамаагүй бөгөөд сонгуулийг түр зуурын хөлсний ажил болгожээ. Сонгууль нь бүхэл бүтэн үйлдвэрлэл болон хувираад байна. Ингэснээр намууд иргэд, сонгогчдоосоо тасран салжээ.  2004 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн хийсэн судалгаагаар улс төрийн намуудын хатуу дэмжигчид 60 хувь, хаашаа ч хөлбөрч болох “хөвдөг сонгогчид” 28 орчим хувь, сонгуульд огт оролцдоггүй “оппортунист”-ууд 12 хувь, насанд хүрч сонгууль өгөх болсон “шинэ сонгогчид” 5 хувь орчим байгаагаас гадна гадаадад ажиллаж амьдардаг олон хүн сонгууль өгөх боломжгүйгээс түүнд оролцож чаддаггүй байна. Одоо намуудыг хатуу дэмжигчдийн тоо дөнгөж 20-30 орчим хувьтай болж, цаашид эрчимтэй буурах хандлагатай байгаа нь жинхэнэ аюулын дохио болж байна.  Түүний дээр эрх баригч хэсэг авилгал, хүнд сурталд автагдан, Монголын төр арилжааны зарчмаар ажиллаж, улс төрийг далд, нууцлагдмал, гэмт хэргийн шинжтэй болгосон нь одоо нууц байхаа аль хэдийнээ больжээ. Үүнээс шалтгаалан эрх баригч бүлэглэлүүдийн дотоод зөрчил туйлдаа хүрч, бие биенээ хорлох үйл ажиллагаа байнга явуулах болжээ.  Дээр дурдсан шалтгааны улмаас намууд, түүний дотор МАХН-ын нэр хүнд огцом унах нь зүй хэрэг юм. Эрх баригчдын нийгэмд ашигтай улс төрийн шийдвэр гаргах чадамж нэгэнт дуусаад байна. Нэлээд эртнээс эхэлж улс оронд нүүрлэсэн системийн хямралыг Монголын улс төрийн нэг ч нам, нэг ч улс төрийн зүтгэлтэн одоо болтол үнэлж дүгнээгүй байгаагаар энэ нь нотлогдож байна. Тэр ч байтугай өнөөгийн нэн хурцадмал нөхцөл байдалд үнэлэлт өгөөгүй, бараг зүгээр сууж байгаа нь намууд улс төрийн хариуцлагаа умартсаныг хөдөлбөргүй харуулж байна.  Ийм байдлаар удаан байх боломжгүй бөгөөд эсвэл намууд хямралт байдалд үнэлгээ дүгнэлт өгч, түүнээс гарах арга замыг шинээр тодорхойлон ажиллах, эсвэл олон түмний эсэргүүцлийн хөдөлгөөнөөр нийгмийн эрс шинэчлэл хийх хоёрхон зам үлдээд байна.

Монголд үйл ажиллагаа явуулж буй болон явагдаж байсан намууд

Хуучны намууд

  • Ардчилсан Нам болсон:
    • Монголын Үндэсний Ардчилсан Нам (1992-1999)
    • Монголын Социал Демократ Нам (1990-1999)
    • Монголын Шашинтны Ардчилсан Нам
    • Монголын Ардчилсан Сэргэн Мандлын Нам (1991-1992)
    • Монголын Ардчилсан Нам (1990-1992)
  • Иргэний Зориг-Бүгд Найрамдах Нам болсон:
    • Иргэний Зориг Нам
    • Бүгд Найрамдах Нам
  • Монголын Уламжлалын Нэгдсэн Нам болсон:
    • Монголын Малчин Тариачны Нэгдсэн Нам
    • Монголын Хувийн Өмчтөний Нэгдсэн Нам
    • МТТ

 

Like | Ангилал : Улс Төр | Нийтэлсэн : Жанлав | Уншсан (2004) | Өмнөх бичлэг | </